Wednesday, September 5, 2012

“Шууд ардчилал” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012 оны 9 дүгээр сарын 8, 15-ны өдрүүдэд Төрийн ордны их танхимд “ШУУД АРДЧИЛАЛ” Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулахаар болоод байна.
Энэхүү арга хэмжээний хэвлэлийн хурал өнөөдөр Иргэний танхимд болов. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Л.Эрхэмбаяр нар болон НИТХ-ын дарга Д.Баттулга, Шууд Ардчилал хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүвшин нар мэдээлэл хийлээ.
Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлээр батлагдсан бөгөөд төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх, төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах чиглэлээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан зорилтуудын гол гол хэсгүүд дээрх хуулинд тусгалаа олсон болно.
 “Төсвийн шинэ хууль 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ч  зохион байгуулалтын чанартай иргэдийн оролцоо шаардсан ажлууд одооноос эхэлсэн байх ёстой. Үүнтэй холбогдуулан Төсвийн шинэ хуулинд заасан иргэдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх эрх зүйн болон бусад арга хэмжээг хойшлуулалгүй авах шаардлагатай” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээллэв.
“Төсвийн тухай хуулинд туссан иргэдийн оролцооны шинэ үзэл баримтлалыг хэрхэн бодит ажил хэрэг болгох тухай асуултыг иргэд тавьж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төсвийн чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар багц журмуудын төслийг боловсруулаад “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэн бэлэн боллоо. Төсвийн төвлөрлийг сааруулахад Иргэдийн оролцоог хангах чиглэлээр нийтэд ойлгомжтой, цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Манай төр засгийн төв байгууллагууд, орон нутгийн байгууллагууд болон иргэдийн үйл ажиллагаа, бодлого, санаа санаачилгыг уялдуулан зохион байгуулах шаардлага гарч байгаа” хэмээн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцлов.
Ирэх оны төсвийн боловсруулалт эцэслэх шатандаа орж байгаа энэ үед иргэдийн оролцоог хангах дээрх журмын төслүүдийг хугацаа алдалгүй орон нутаг, иргэдэд хүргэх нь чухал бөгөөд 9 дүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын иргэдэд, 15-нд аймаг, орон нутгийн иргэдэд тус тус зориулан иргэдийн оролцоотой төсвийн менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэх үндэсний сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсноо зохион байгуулагчид тайлбарлав.
Эх сурвалж: www.president.mn